Эрүүгийн хэргийн өмгөөлөл:
Эрүүгийн хэргийн өмгөөлөл нь манай үндсэн үйл ажиллагааны нэг төрөл мөн боловч нийт ажлын дүнд зонхилох хувь эзэлдэггүй юм. Өөрөөр хэлбэл, бид ердийн эрүүгийн хэрэг болгоныг өмгөөлөөд байдаггүй, харин онц чухал тохиолдолд буюу гэм буруугүй хүнийг хилсээр хэрэгт холбогдуулж буй тохиолдолд, сүр дуулиан шуугианыг биш, зарчмын ач холбогдлыг нь харгалзан өмгөөлөгчөөр ажиллах эсэхээ шийдвэрлэдэг.
Эрүүгийн хэргийн өмгөөлөлд бидний баримталдаг гол зарчим бол өмгөөлүүлэгчийн гэм буруугүйг буюу хөнгөрүүлэх үндэслэлийг хууль зүйн гарцаагүй бөгөөд хангалттай аргументаар хөдлөшгүй нотлох замаар зорилгодоо хүрэх явдал мөн. Зорилго нь аргаа зөвтгөх зарчим манай үйл ажиллагаанд үндсээрээ харшилна. Бид хууль бус арга хэрэглэхийг хатуу цээрлэдэг.
Эрүүгийн хэргийн өмгөөлөл нь дараахь үр дүнд хүрэх зорилготой:
-
таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах буюу хөнгөрүүлэх,
-
эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгуулах,
-
шүүхээс цагаатгах тогтоол гаргуулах,
-
хилс хэрэгт холбогдуулсан гэм хорыг арилгуулах,
-
өмгөөлүүлэгчид оногдох ял шийтгэлийг төлөвлөснөөс хөнгөрүүлэх,
-
ялаас хугацааны өмнө суллуулах, өөр төрлийн хөнгөн ялаар солиулах,
-
ял шийтгэлгүйд тооцуулах.
Иргэний ба захиргааны хэргийн өмгөөлөл:
Эрх зүйн маргаан (иргэний хэрэг)-ыг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэний эрхийг зөрчсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалахад нь хохирогчийг өмгөөлөх нь манай байнгын чиг үүргийн нэг нь мөн.
Энэ чиг үүргийн хүрээнд дараахь ажиллагаанууд багтана:
-
Маргааныг эвийн журмаар зохицуулах боломж байгаа эсэхийг магадлах,
-
Баримтлах арга тактик, байр суурь, ялах магадлалыг тодорхойлж үйлчлүүлэгчид танилцуулах,
-
Байгаа нотлох баримтыг судлан дүн шинжилгээ хийж, нэмэлт нотолгоо цуглуулах шаардлага чиглэлийг тогтоох,
-
Нэхэмжлэл, хариу тайлбар, давж заалдах болон хяналтын шатны гомдол болон процессийн бусад бичиг баримтыг боловсруулан бэлтгэх,
-
Бүх шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох,
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх.